УВС: Түргэний уулс Монгол орны уулсын мөстлөгийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-21 12:52:51

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Түргэний уулс нь ой, тайга, уулын хээр, мөнх цас, мөсөн оргил, тэдгээрийн усан хүрхрээ, мөсөн тогоо, агуй, хад цохио зэрэг байгалийн олон бүс бүслүүр хосолсон, онгон дагшин, өнгө үзэсгэлэн бүрдсэн, өвөрмөц тогтоцтой газар нутаг юм.



Тэрчлэн мөнх цас, мөсөн голууд элбэгтэй бөгөөд 104 хавтгай дөрвөлжин км буюу Монгол орны уулсын мөстлөгийн нийт талбайн 20 гаруй хувийг эзэлдэг.


Түргэний уулсаас Хархираа, Түргэн, Ямаат гол эх авч урсдаг бөгөөд голын хөндийнүүд ихэвчлэн нарийхан хавцлын байдалтайгаас гадна тэвшин хөндий үүсгэсэн байдаг нь нэн сонин. Түргэний уулс нь хад асга чулуу ихтэй, эгц цавчим хажуутай бөгөөд хормойноосоо ихэд цөлжсөн нь Үүрэг, Ачит нуурын цөлжсөн хотгорын нөлөө юм.



Түүнчлэн, биологийн олон янз байдлаар нэн баялаг бөгөөд цоохор ирвэс, aргаль хонь, янгир ямаа, нөмрөгт банздоо зэрэг нэн ховор, болон ховор амьтан, ургамлын өлгий нутаг билээ.


Энэхүү газар нутгийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Улмаар байгалийн үзэсгэлэнт Гоожуурын хүрхрээг хамгаалах зорилгоор УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор хилийн заагийг өргөтгөсөн байдаг.



Түргэн уулын дархан цаазат газарт Увс аймгийн Түргэн, Улаангом, Тариалан, Ховд, Бөхмөрөн сумын 130.473 га талбай хамардаг байна.

Түргэний уулсын ноён оргил Дэглий цагаан нь далайн түвшнээс дээш 3978 м бөгөөд уулчдын тэмүүлдэг оргилуудын нэг юм.




 

Related news