“Орост үйлдвэрлэв” бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас ОХУ-ын “Экспортын төв” групптэй хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад ОХУ-ын 40 гаруй компани оролцож, “Орост үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Тухайлбал, хөдөө аж ахуй, хими, мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Мираторг ХХК, Минимакс-94 ХК, Агама-Строй ХХК, Промпродукт ХХК, Глобал Дент ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл багтаж буй юм. Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх уулзалтаар чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг танилцуулахаас гадна хоер талын хамтын ажиллагааны талаарх шинжээчдийн илтгэлүүдийг хэлэлцэнэ.
Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах аж.