ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийг 75 оюутан төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-29 13:38:58

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 29/МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг энэ жил 75 оюутан бакалавр болон дэд бакалавр сургалтыг дүүргэж, дипломоо гардан авлаа.


Төгсөгчид оюутны ширээнээс ажлын байран дээр гараад хүний их эмч, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр хүн ардын эрүүл мэндийг хамгаалах энэрэнгүй үйлсийн төлөө амьдрал, ажил хөдөлмөрөө зориулан ажиллана. 


Сургуулийн удирдлагууд болон тэнхимийн эрхлэгч багш нар нийт төгсөгчдөд баяр хүргэж, энгэрийн тэмдэг, диплом гардууллаа.


Тус сургуульд 600 гаруй оюутан суралцаж байна. Энэ жил 600 оюутны хичээлийн байр, 350 оюутны дотуур байр, 250 оюутны номын сан, соёлын төв, спорт эко орчин бүхий цогцолбор барилгыг “Болор аграмба” ХХК барьж 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


Тус сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтад оруулснаар сургуулийн оюутны тоо нэмэгдэж, олон шилдэг багш нар Дорноговьд ажиллахын зэрэгцээ хүмүүсийн суурьшил нэмэгдэж, эдийн засгийн хүрээ тэлэн, говь нутгийн хөгжлийн шатыг ахиулах боломж бүрдэх юм.


Зүүн болон говийн бүсийн аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэж буй анагаахын сургуулийн цогцолбор барилгыг барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлогын баримт бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгажээ.



Related news