Энэтхэгт хүн рүү халдсан барыг амьдаар нь шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-05 11:36:07

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн Гужарат мужид нэгэн охины аминд хүрсэн барыг төмөр хашлаганд байхад нь амьдаар нь шатааж хөнөөжээ.

Энэ долоо хоногийн лхагва гарагт тус мужийн Вадигам тосгоны оршин суугч болох найман настай Никита Васава охиныг тариалангийн талбай руу явж байхад нь бар дайрч, охины аминд хүрсэн байна.

Уг хэргийн дараа барыг төмөр торон хашаанд хорьсон боловч уурлаж бухимдсан тосгоны оршин суугчид энэ амьтныг амьдаар нь шатаажээ.

Энэтхэгт сүүлийн жилүүдэд араатан амьтад, ялангуяа бар хүмүүс рүү халдаж, үүний хариуд хүмүүс амьтдыг хөнөөсөн тохиолдол нэг бус удаа гарчээ. Тухайлбал, энэ оны долдугаар сард Гужарат мужийн Рожмал тосгонд хүн рүү халдсан нэгэн барыг хэсэг залуус чулуудаж, үзүүртэй зүйлээр хатган хөнөөжээ.

Гужарат муж нь улсдаа барын тоо толгойгоор хоёрдугаарт ордог гэнэ. Тус мужид 1400 орчим бар байдгийн олонх нь хүн оршин суудаг бүсүүдэд ойр амьдардаг ажээ.

Өнгөрсөн онд тариаланчид голдуу 10 гаруй хүнийг бар барьж хөнөөж, 100 орчим хүнийг гэмтээж бэртээсэн байна.

Гужарат мужийн тосгодын тариаланчид тариалангийн талбай руу явахдаа жижиг галт бамбар байнга авч явдаг болжээ.

Энэ оны хоёрдугаар сард эр бар тус улсын Бангалор хотын сургууль руу нэвтрэн зургаан хүнийг гэмтээж бэртээжээ.

Г.Доржханд

Related news