БНХАУ-ын “Их цүнхлийн гуу” байгалийн хамгаалалтын газартай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-13 07:31:32

Тунляо, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод орших “Их цүнхлийн гуу” үндэсний байгалийн хамгаалалтын бүсэд ажиллалаа. 


“Их цүнхлийн гуу байгалийн хамгаалалтын газар нь Хорчины цөлийн өмнөд захад оршдог. Үүнийг “Цөлийн ариун хөндий, умард нутгийн ширэнгэн ой”, “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хагарал” хэмээн нэрлэх нь бий. Зүүнээс баруун тийш 11км урт, хойноос урагш 10 км өргөн, 8183 га талбайг эзэлдэг.


Гадаргуу нь долгионт элсэн манхнаар бүрхэгдсэн бөгөөд 26.3 км үргэлжилсэн байгалийн хоёр жалга нь ойролцоогоор 80 м гүн, 150-300 метр өргөнтэй.


“Их цүнхлийн гуу” нь байгалийн биологийн төрөл зүйлээрээ онцлог ажээ. БНХАУ-ын Өвөр Монголын өндөрлөг, Яньшань уулс, Чанбай уулс гэсэн гурван бүс нутгийн ургамлууд энэ бүсэд бий. 106 төрлийн 359 харьяаны 711 зүйлийн ургамал байдгийн 122 нь модлог, 589 өвслөг ургамал ажээ. Ихэнх нь хүйтэнд тэсвэртэй. Бор гөрөөс, элбэнх, дорго зэрэг 30 гаруй зүйлийн зэрлэг хөхтөн амьтад, саарал тогоруу зэрэг 90 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн байна.


Анх 1952 онд нутгийн ард иргэд, ойн мэргэжилтнүүд энэ газарт ой шугуйн өртөөг байгуулж мод, ургамал тарьж өнөөгийн энэ үзэсгэлэнт төрхийг бүтээн байгуулжээ. Улмаар уг газрыг 1988 онд байгалийн дархан цаазат газар болгосон байна. 


Нутгийн байгалийн болон ардын зан заншлын нөөцөд түшиглэн, 1993 онд тус хамгаалалттай газар нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, 2004 онд үндэсний байгалийн үзэсгэлэнт газар, 2022 онд хошууны соёл иргэншсэн аялал жуулчлалын жишээ үзүүлэх нэгж, 2023 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны хөдөөгийн аялал жуулчлалын гол тосгон гэж үнэлэгджээ. Улсын хэмжээнд "Бага, дунд сургуулийн сурагчдад байгаль орчныг хамгаалах боловсрол олгох нийгмийн практикийн суурин" болон үйлчилгээний салбарын стандартчиллын үндэсний туршилтын нэгж болжээ. Одоогоор балар ойн үзэсгэлэнт газар, Гурван уулзварын урсгал байгалийн үзэсгэлэнт газар, бага цүнхлийн нуурын үзэсгэлэнт газар, Их цүнхлийн гуу музей зэргийг нээн ажиллуулж байгаа ажээ. 




Related news