ЗАВХАН: Монголын түүхийн хичээлээр хоёр сурагч 800 оноо авсны нэг нь Тосонцэнгэл сумын сурагч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тус аймагт элсэлтийн шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жил тус аймагт шалгалтад хамрагдахаар давхардсан тоогоор 2916 шалгуулагч бүртгүүлсэн.
Эдгээрээс хамгийн олон буюу 755 нь математик, 629 нь нийгэм, 485 нь англи хэл, 359 нь монгол хэлний шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн байна.
Физикийн хичээлийн шалгалтыг 251, биологи, химийн хичээлээр 183-193 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Орос хэл, газар зүй, монгол улсын түүх хичээлээр 7-31 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
Элсэлтийн шалгалтад энэ жилийн 12-р анги төгссөн 968, өнгөрсөн жилийн төгсөгч 100 нийт 1068 шалгуулагч оролцож байна. Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан журмын дагуу нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлж шалгалтаа өгч байна. Шалгалтын үеэр ямар нэгэн маргаантай, үл ойлголцсон асуудал гараагүй байна.
Шалгалтын анги
танхимд зарим эд зүйл авч орохыг хориглосон. Гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй,
ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг,
компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох,
хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Элсэлтийн шалгалтын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна. Шалгалтын хугацаа дуусмагц шалгалтын төвийн тусгайлан бэлтгэсэн шууд засалтын өрөөнд тухайн шалгалтын хариултын хуудсыг засагч машинаар шалгуулагчдын өмнө ил тод, нээлттэй уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Анхны оноонд харгалзах “хэмжээст оноо”-г тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор http://list.eec.mn/ сайтад онооны жагсаалтыг оруулах бөгөөд шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор нэвтрэн өөрийн хэмжээст оноог харах боломжтой юм гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.
Ташрамд, улсын
хэмжээнд Монголын түүхийн хичээлээр хоёр суралцагч 800 оноо авсны нэг нь Завхан
аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийн түүхийн багш Н.Ишинхоролын бэлтгэсэн
12б ангийн суралцагч Дэжидийн Оюунсайхан 800 оноо авсан байна. Суралцагч Д.Оюунсайхан нь улсын төрөлжсөн олимпиадын II даваанд
тэргүүлж, улсад амжилттай оролцсон сурагч юм.