СЭЛЭНГЭ: Элсэлтийн шалгалтад 17 шалгуулагч 750-аас дээш оноотой шалгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-23 17:20:36

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улс даяар энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулсан элсэлтийн шалгалтад Сэлэнгэ аймгаас 3716 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 3556 нь шалгалтаа өгч 95.6 хувийн ирцтэйгээр оролцлоо. 

 

Шалгуулагчид 10 хичээлээр давхардсан тоогоор мэдлэгээ сорилоо. Математикийн хичээлээр хамгийн олон буюу 873 шалгуулагч шалгалт өгсөн бол орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 6 шалгуулагч шалгалт өгчээ.

 

Нийт 750-аас дээш оноотой шалгагдсан 17 шалгуулагч байгаа юм. 

 

-Математикийн хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Д.Содномжамц 800 оноо,  

-Монголын түүхийн хичээлээр Мандал сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төгсөгч Б.Нандин-Эрдэнэ 768 оноо,

-Физикийн хичээлээр Баянгол сумын ЕБС-ийн төгсөгч Б.Билгүүн 710 оноо,

-Газар зүйн хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч З.Хажидсүрэн 750 оноо,

-Химийн хичээлээр Мандал сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төгсөгч М.Энхмөнх 700 оноо,

-Англи хэлний хичээлээр Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч Т.Уугантөр 782 оноо,

-Биологийн хичээлээр Мандал сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Д.Ундрахжаргалант 762 оноо,

-Монгол хэлний хичээлээр Мандал сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн төгсөгч Т.Оюударь 788 оноо,

-Орос хэлний хичээлээр Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Е.Катя 547 оноо,

-Нийгэм судлалын хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч О.Одмаа 784 оноо авч аймагтаа 1-рт эрэмбэлэгдсэн байна.

 

Мөн төгсөгчдөөс Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалд заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцуулахад 800 оноо авсан хүүхдүүд байна.

 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийн 12в ангийн төгсөгч О.Үйлстөгөлдөр, М.Түвшинбаяр нар International English Language Testing System буюу олон улсын шалгалтад амжилттай оролцож 7.5, 7 оноо авснаар элсэлтийн шалгалтад 800 оноогоор дүйцүүлэн тооцуулж, 2025 оны аймгийн анхны 800 оноотон болжээ.  

 

Related news