Эрүүл мэндийн аялал жуулчлалаас Туркийн эдийн засагт 3 тэрбум доллар оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-25 15:45:19

АНКАРА, 2025 оны зургаадугаар сарын 25 /KAZINFORM/. Өнгөрсөн 2024 онд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар 1 сая 500 мянган гадаадын иргэд Турк улсыг зорьсон байна.


Тус улсын Худалдааны яамны мэдээллээр, өнгөрсөн онд эрүүл мэндийн аялал жуулчлалаас эдийн засагт 3 тэрбум ам.долларын орлого оржээ. Энэхүү баримт нь эрүүл мэндийн салбар тогтвортой хөгжиж, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тал дээр Турк улс дэлхийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж буйг харуулж байгаа юм.


Мэдээлэлд дурдсанаар, 2012-2024 оны хугацаанд Туркт эмчлүүлэх зорилгоор ирж буй гадаадын иргэдийн тоо 6 дахин өссөн байна. Мөн эмнэлгийн үйлчилгээний экспорт 4 дахин өссөн нь эрүүл мэндийн салбарын дэд бүтэц сайжирч, олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эмнэлгийн үйлчилгээний чанар эрс дээшилснийг харууллаа.


Гадаадын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээний гол чиглэлүүд нь гоо сайхны мэс засал, шүдний эмчилгээ, нүдний эмчилгээ, ортопед буюу нурууны гэмтэл согог засал, хорт хавдрын эмчилгээ болон нөхөн үржихүйн эмчилгээ юм. Ойрх Дорнод, Европ төдийгүй АНУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Ази, Африкийн иргэд Туркт эмчлүүлэхээр ирж байна.  


Энэхүү амжилтад нөлөөлсөн гол зүйлүүд бол орчин үеийн клиникүүд, мэргэжлийн өндөр чадвартай эмч нар, хүлээлгийн хугацаа богино, өрсөлдөхүйц үнэ зэрэг болно. Мөн гадаадын эмчлүүлэгчдэд тав тухтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд хууль эрхзүйн ба ложистикийн орчныг улам сайжруулж байна.


Саяхан тус улсад нярайн эрчимт эмчилгээний тасгуудад луйврын шинжтэй үйлдлүүд илэрч, дуулиан дэгдсэний дараа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг өргөн хүрээнд шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ. 

Related news