Монголын “Тамирчдын баяр”-ын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-27 09:01:54

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын “Тамирчдын өдөр” өнөөдөр тохиож байна. 


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг бөгөөд 89 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж явсан үе үеийн тамирчид медалиараа гангарч, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.


Тэгвэл баярын үйл ажиллагаа төв талбайд өнөөдөр 10:00 цагт эхлэх бөгөөд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаны хүмүүс оролцох аж. Энэ үеэр тамирчдын үзүүлэх тоглолт болон уран бүтээлчид ая дуугаа өргөхийн сацуу Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаас алдарт “Тамирчны алдар” эгшиглэнэ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид “Тамирчдын баяр”-таа тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаанаас хүртсэн 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медалиараа бэлэг барьж байна.


Монголын тамирчдын яруу алдар бадартугай.

Related news