СЭЛЭНГЭ: Алтанбулаг, Цагааннуур, Ерөө, Хүдэр сумдад гарсан 9 түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гамшгаас
хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа. Үүнтэй холбогдуулан
аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, шуурхай штабын дарга Ж.Сайнцог,
орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар сумдын
Шуурхай штабуудтай өнөөдөр ээлжит цахим хурал зохион байгуулж, холбогдох үүрэг
чиглэл өглөө.
Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн 18:00
цагийн байдлаар Алтанбулаг, Цагааннуур, Ерөө, Хүдэр сумдад гарсан 9 түймрийг
унтраахаар ажиллаж байна.
Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал
түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Үндэсний аврах
бригад, НОБГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Баянхонгор,
Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ,
Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид.
Алтанбулаг, Цагааннуур, Мандал,
Ерөө, Хүдэр, Сүхбаатар, Жавхлант сумдын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Хилийн
цэргийн 0101, 0243 дугаар анги, Цагдаагийн газар, Сэлэнгэ-Цэнгэг ус ОНӨААТҮГ, “Сэлэнгэ-Энерго”
ОНӨААТҮГ, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гаалийн газар,
Биеийн тамир, спортын газар, Авто тээврийн төв, Тужийн нарсны байгалийн
цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, "Бугант нандин" ХХК,
"Болдтөмөр Ерөө гол" ХХК болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
