ПСЖ, “Бавариа” багууд шөвгийн 8-д учраа таарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-30 09:25:24

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 30. /ТАСС/. Ням гарагт шилжих шөнө АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод болсон клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод Францын “Пари Сен-Жермен” баг Америкийн “Интер Майами” багийг 4:0 харьцаагаар хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа.


ПСЖ-ийн Жоау Невеш (6 ба 39 дэх минут), Ашраф Хакими (45+3) нар гоол оруулсан бол “Интер Майами”-гийн хамгаалагч Томас Авилес өөрийн хаалганд авто гоол оруулжээ.


"Интер Майами" багийн ахлагч нь Аргентины довтлогч Лионел Месси бөгөөд тэрбээр 2023 онд ПСЖ-ээс тус багт шилжин ирсэн билээ. Месси 2021-2023 онуудад ПСЖ-д тоглохдоо хоёр удаа Францын аваргаар шалгарч, нэг удаа Францын Супер цомын эзэн болсон юм. Тэрбээр тус клубийн бүрэлдэхүүнд 75 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулж, 35 оновчтой дамжуулалт өгчээ.


Одоо шөвгийн 8-д парисчууд Германы “Бавариа” багтай тоглоно. Германы баг ням гарагт АНУ-ын Флорида муж улсын Майами-Гарденс хотод болсон шөвгийн 16-гийн тоглолтод Бразилын “Фламенго” багийг 4:2 харьцаагаар хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа. Тоглолтын 6 дахь минутанд “Фламенго”-гийн Эрик Пульгар өөрийн хаалганд авто гоол хийсэн бол “Бавариа” багийн Гарри Кейн (9 ба 73 дахь минут), Леон Горецка (41) нар, “Фламенго”-гийн Жерсон (33), Жоржиньо (55, 11 м-ийн торгуулийн цохилт) нар өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулсан байна.


Саяхан сэтгүүлч Вене Касагранде Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, клубүүдийн ДАШТ-ий дараа Жерсон “Зенит” багт шилжин тоглоно гэсэн бол “Зенит”-ийн ТУЗ-ийн дарга Александр Медведев үүнийг баталсан байна.


Шөвгийн 8-д хоорондоо тоглох ПСЖ, “Бавариа” багууд өмнө нь Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатанд учраа таарахад германчууд 1:0-ээр хожиж байжээ. 

Related news