ТӨВ: Хүслийн аялал ТББ-ын сайн дурынхан Борнуур сумын сурагчдад тэтгэлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн олон улсын “Хүслийн аялал” төрийн бус байгууллагын сайн дурын баг Борнуур сумын сурагчдад тэтгэлэг олгов.
Тус байгууллага нь Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуультай 11 дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд Сөүлийн давж заалдах шатны шүүгч, Чежүгийн орон нутгийн шүүгч тэргүүтэй сайн дурынхан зуны хөтөлбөр зохион байгуулж, сурагчдад шүүхийн тогтолцооны талаарх мэдлэг олгосон юм. Мөн Солонгос хэл заах, зураг зурах зэрэг олон чиглэлээр сургалт явууллаа.
Түүнчлэн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил Батсүмбэр, Борнуур, Баянчандмань сумын 12-р ангийн 6 сурагчид, 9 сая төгрөгийн тэтгэлэг олгосон юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Борнуур сумын Засаг дарга Б.Батболд “Сайн сурдаг, хичээл зүтгэлтэй хүүхдүүдийг дэмжин тэтгэлэг олгохоос гадна хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн сурагчдын хөгжих орчныг сайжруулж, ая тухтай орчинг бүрдүүлсэн. Сургуульд морин хуурын зэмсгийг авч өгснөөс гадна компьютерийн тоног төхөөрөмжийн өрөөг шинэчилж өгсөн.
Боловсролыг дэмжих чиглэлээр олон хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж өгч байгаад туйлын баяртай байна” хэмээв.
Мөн БНСУ-ын Сөүлийн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч Ви Гванха “Бид Борнуурын ЕБС-тай олон жил хамтран ажиллаж байна. Манай байгууллагын зорилго Монгол, Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг. Гишүүд маань бүгд Солонгосын шүүхийн байгууллагад ажилладаг бөгөөд гэр бүлээрээ аялахын зэрэгцээ сайн дурын ажил хийдэг. Бид сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг хийхийн зэрэгцээ солонгос хэлний сургалт орох зэргээр олон төрлийн үйл ажиллагааг жил бүр явуулдаг. Цаашид хамтран ажиллах сургуулиудыг нэмэхийг зорьж байна” гэж онцлон хэллээ.
Борнуур ЕБС-ийн захирал Х.Энхтуяа хэлэхдээ “Солонгосын Шүүхийн сайн дурынхан жил бүр Монголд ирж бидэнтэй хамтран ажилладаг. Хэдий мэргэжил өөр ч гэсэн хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн хүсэл тэмүүлэл биднийг нэгтгэдэг. Солонгос хэл заах, тус улсын соёлтой танилцах боломжоор дамжуулан сурагчдын танин мэдэхүйг хөгжүүлж, хоёр орны ирээдүйн харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна” гэв.
Уг хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн суралцах орчныг сайжруулах, ногоон байгууламж бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг Борнуур ЕБС-тай хамтран амжилттай хэрэгжүүлсээр байна.