Трамп ерөнхийлөгч болно гэдгийг Симпсоны цувралууд зөгнөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-10 12:51:40

ВАШИНГТОН./UPI/. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдгийг хамгийн олон үзэгчтэй хүүхэлдэйн кино болох Симпсоны цувралууд бүр 16 жилийн өмнө зөгнөж байсан байна. 

“Washington Post” сонинд бичсэнээр, уг таамаглал нь Симпсоны цувралын 2000 дахь анги болох “Барт ирээдүй рүү” гэдэг ангид гардаг ажээ. Цувралын уг ангийг бичсэн Дэн Гриинэй-гээс яагаад Ерөнхийлөгч Д.Трампыг уг ангид оруулсан талаар асуужээ. Тэрбээр хариулахдаа “тухайн үед Д.Трамп уг цувралд яг тохирох хошин дүр байсан. Би Ерөнхийлөгч болоход нь Трампт тус хүргэсэн байж болох юм" гэж хошигнолоо.

“Washington Post”-ын уг нийтлэлийг олон нийтийн сүлжээгээр нэлээд өргөн хэлэлцсэн бөгөөд "твиттер" дэх уг олон ангит хүүхэлдэйн киноны дагагчид дэлхийн өнцөг булан бүрээс жиргэсээр байна.

Сиэтл  хотын иргэн Аарон Ливин “Гайхамшигт Барт Трампын ерөнхийлөгч болохыг урьдчилан зөгнөжээ. Мөн "Ирээдүй рүү буцсан нь" анги дээр бейсболын “Чикаго Кабс” баг түрүүлнэ гэдгийг мөн зөгнөн хэлжээ. Хоёр таамаг хоёулаа биеллээ” хэмээн жиргэсэн байна.  

Цувралын тус ангид мөн нэгэн сонирхолтой үйл явдал болдог нь Лиза гэдэг эмэгтэй Д.Трампын дараа Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогддог явдал юм. Энэ нь Х.Клинтоны хувьд Д.Трампын дараа тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж чадах уу гэсэн мэтгэлцээнийг олон нийтийн сүлжээнд өрнүүлсэн байна.

Х.Сарнай

 

 

Related news