Номын баярын эргэн тойронд...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-21 09:54:15

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдээр “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулсан 38 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж байна.


Энэ удаагийн номын баярын онцлог хийгээд ямар бүтээлээр уншигчидтайгаа уулзаж байгаа тухайд нь зарим оролцогчоос тодрууллаа.


Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй: Хүн  хэдий номд дуртай ч тэр бүр номын дэлгүүр ороод байх завгүй учир номын баяр нь өгөөжтэй, үр дүнтэй юм. Дэлхийд номын яармаг өргөн болдог л доо. Цахим техник хурдтай хөгжихийн хэрээр шинжлэх ухааны уран зөгнөл бичдэг хүн ховор болжээ. Учир нь шинжлэх ухаан нь хүмүүсийн тархи толгойноос түрүүлчихээд байна. Уран зөгнөлийг мэдлэгээр зодож, оюун ухааныхаа бяраар бичдэг. Ахмад зохиолчдын дунд мэр сэр ганц нэг өгүүллэг байхаас биш дагнаж бичдэг хүн байхгүй. Шинжлэх ухааны уран  зөгнөлийн сайн зохиол бол хүн төрөлхтнийг урагш чирж явдаг юм. Тухайлбал, Жюль Вернийн 120 гаруй шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиол байдгаас 80 орчим нь биелсэн, 20-иод нь биелэх боломжтой, 20-иод нь биелэхгүй гэсэн судалгааг 20-иод жилийн өмнө хийсэн байдаг.


Бид хэдий болтол тулга тойрсон зохиол, гэнэн шүлэг, зохиомж бичих вэ дээ гэсэндээ Фердинанд Оссендовскийн “Маргаашийн туужууд” номыг орчуулж хэвлүүллээ.


Оссендовский нь оросын уран зохиолд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын үндсийг тавьсан алдартан, “Хүн, араатан, бурхад”-ыг бичиж 1930-аад оны Европт “ХХ зууны Марко Поло” гэж нэр авсан хүн. “Хүн, араатан, бурхад” дээр ч шамбалын орны тухай эргэцүүлэл бий. Тэдгээрийг бичсэн нь энэ номтой ч холбоотой. Энэ номд гар утас, дроноор байлдаж, аллага хийж байгаа зэрэг зөгнөл бий. Ирээдүйд зохиолч болох сонирхолтой залуус иймэрхүү зохиол уншаасай гэж хүссэн юм.


Монгол Улсын аварга, “Бор аварга” санг байгуулж, орон даяар нөлөөллийн аян зохион байгуулагч С.Мөнхбат: Өөрийн амьдрал, үзэл санаагаа шингээсэн “Эзэн байя” анхны номоо гаргасан. Номын баярт ч анх удаа оролцож байна. Спорт бол залуу насных учир хөдөөгөөр явж байхдаа хүүхэд залууст монгол соёл уламжлал, эр хүн байх талаар илтгэл лекц тавьдаг. Тэднийг зорилготой, хөдөлмөрч, хүн чанартай байхад нөлөөлөхийг хүсдэг. Хариуцлагагүй, эрүүл мэндээ алдсан, архинд орсон, гэр бүлдээ халтай эцэг болж болохгүйг ойлгуулахыг хичээдэг. Ингэж явж байхдаа амьдралынхаа тухай ном бичих нь зөв юм байна гэж бодсон. Очоогүй орон зай, уулзаагүй хүүхэд багачуулд бөхийн эрдэм, туршлагынхаа зах зухаас мөн, амьдралаас ухаарсан бүхнээ хүргэхийг хүссэн. Бид ар гэртээ, хань ижил, үр хүүхдэдээ эзэн байж чадаж байна уу гэх мэт асуудлыг харах цаг болсон гэж боддог.


Юм бүхэнд эзний сэтгэлээр ханддаг, өөртөө эзэн хүмүүс маш олон зүйл бүтээж, амжилтад хүрдэг. Мөрөөдөлдөө эзэн байх, өөртөө эзэн байхын тухай өгүүлсэн номтойгоо энэ номын баярт оролцож байна.


Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг: Номын баяр дулаахан сайхан өдрүүдэд таатай, урьдын адил өргөн оролцогчтой байна. Анх цөөн хэдэн лангуу байсан бол одоо талбай дүүрдэг болж,  төрөл бүрийн ном олноор гарч байна.


Гэхдээ утга зохиолын ном ховор болсон юм уу даа гэж анзаарлаа. Бусад төрөл чиглэл, мэргэжлийн ном олон болжээ.


Дээхэн үед номыг утга зохиолынх гэж хардаг байсан бол одоо өөр болсон байна. Номын баярт гадаадын хэвлэлийн компаниуд оролцдог болсон байна. Монголчууд ном хэр хийж байгаа зэрэг судалгаа ч хийдэг байх. Ер нь, номын баяр өргөжөөд олон улсын шинж рүү орж байгаа юм уу даа.



Энэ удаагийн номын баярт судлаач Д.Ганхуягийн орчуулсан “Угсаатны нийлэгжилт ба дэлхийн био хүрээ” номыг онцолж байна. Оросын нэрт эрдэмтэн Л.Гумилевын онолын ганц ном нь л доо.


Угсаатан хэрхэн урт насалдаг, оргилуун хүмүүсийн хүчээр хэрхэн ялан мандаад, дараа нь хөгширч мөхдөг гэхчлэн яг л хүн шиг настай гэж тодорхойлсон шүү дээ. Угсаатан гэж юу болохыг нарийн ялгасан онолын үндэслэл энэ номд бий. Нэлээн "хүнд" ном. Боловсрол мэдлэгийн хэмжээ, сонирхол өөр байдгаас хамаараад хүн бүр уншихгүй учир энэ жил 500 хувь хэвлүүлээд байгаа. 

Related news