Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна.
Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос салбар бүрийн шилдгийг тодруулах юм. Тухайлбал, хүнс, хоол
үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, органик хүнс үйлдвэрлэгч,
экспортын шилдэг хүнс шалгаруулах бол газар тариалангийн салбараас шилдэг сум, өрхийн
тариаланч, аж ахуйн нэгж, жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгчийг шалгаруулна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, бүс орон нутгийн үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжих энэ үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршооны төлөөлөл оролцож байна.