Талуудын бага хурлын бэлтгэлийг эрчимжүүлэх зарим асуудлаар саналаа нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-06 09:54:43

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдааныг зохион байгуулах Үндэсний хорооны IX хуралдаан баасан гарагт болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим асуудлаар санал нэгтгэлээ.


Тухайлбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын байр, байгууламжийн зөвлөх үйлчилгээний байгууллагыг сонгон шалгаруулах, СОР17 бага хурлын зохион байгуулалтад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр санал ирүүлсэн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах, Засгийн газрын энэ оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар гишүүд саналаа нэтгэлээ.


Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Э.Болормаа нарыг тус хурлын бэлтгэлд дэмжлэг үзүүлэх Тусгай элчээр томилох тухай Үндэсний хороонд танилцуулжээ. Тусгай элчээр томилогдсон УИХ-ын гишүүд Талуудын бага хурлыг зохион байгуулахад үндэсний болон олон улсын хэмжээнд цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого гаргахад дэмжлэг үзүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрт санхүүжилт татах чиглэлээр ажиллах аж.

Related news