"Алдар"-ын тамирчид Цэргийн дэлхийн аваргад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-11-15 13:04:30

Катарын Доха хотод болж буй Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн буудлагын тэмцээнд Монголын Зэвсэгт хүчнийг төлөөлөн "Алдар" спорт хорооны баг тамирчид оролцож байна.

Энэ удаагийн цэргийн буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 50 орны олимп, дэлхийн наадамд оролцсон туршлагатай 720 гаруй тамирчин оролцож байгаа юм байна. CISM буюу Олон улсын цэргийн спортын хорооны ерөнхийлөгч, хурандаа А Хакеем Ал Шино өнгөрсөн сард Монголд айлчилсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан, CISM Зүүн Хойд Азийн тэмцээнүүдийг 2017 онд Монголд зохион байгуулахх талаар тохиролцсон юм. Цэргийн спортын олон улсын холбоо нь 134 орныг гишүүнээр элсүүлж, "Спортоор дамжин нөхөрлөлд" уриан дор дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, гишүүн орнуудын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн спортыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Ж.Батсайхан

Related news