Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оныхоос 8.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-12-12 09:48:50

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 11 дүгээр сард 2024 оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн байна.


Түүнийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар  өссөн аж.


Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар  өссөн нь хамгийн их байна.


Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар өсжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  өсөлтийг харвал:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.0 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.2 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.8 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.2 хувь,
  • амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 7.1 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь байна.


Инфляц 8.2 хувь гарсны 2.4  нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлт юм.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.


Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 17 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 18.0 хувиар,  хонь, ямааны махны үнэ 18.9 хувиар нөлөөлжээ.


Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17.0 хувиар нөлөөлсөн аж.


Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны 11 дүгээр сард 7.1 хувь байжээ. Харин  2025 оны 11 дүгээр сард 8.7 хувь болж, өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 1.6 нэгж хувиар нэмэгджээ.


Хотод худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 23955 төгрөг болжээ. Энэ нь  2023 оны 11 дүгээр сарынхаас 32.8 хувиар, 2024 оны 11 дүгээр сарынхаас 17.7 хувиар өссөн байна.


Мөн 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2459 төгрөг болжээ. Энэ нь  2023 оны 11 дүгээр сарынхаас 2 хувиар, 2024 оны 11 дүгээр сарынхаас 5.6 хувиар өссөн аж.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2590 төгрөг болжээ. Энэ нь  2024 оны 11 дүгээр сарынхаас 8.4 хувь (200 төгрөгөөр) өсжээ.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ орон нутагт   Сүхбаатар аймагт 5.5 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 10.1 хувиар өссөн нь хамгийн их байна.

Related news