Дахин давтагдашгүй монгол зургийн гайхамшгийг “Шүтээн торгон зураг” үзэсгэлэнгээс харах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-15 17:47:31

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяа “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.


Энэ удаагийн үзэсгэлэн нь бүх зээгт наамал, торгон зургийг анхнаас нь бүрэн шинэчилж, тиг загвар, үлгэр донж, бүтээл бүрийг шинээр найруулан урласнаараа онцлогтой.  Энэхүү үзэсгэлэнгийн дахин давтагдашгүй бүтээлээр дамжуулан торгон зураг, монгол зургийн гайхамшиг, тэдгээрийн уламжлалт арга ухаан, урлахуй ухааны нарийн өв соёлыг тольдох боломжтой.


Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяа ярихдаа, “Хувьсгалаас хойш анх удаа бие даасан, бүрэн хэмжээний үзэсгэлэн гарч байна. Өмнө нь музейд хадгалж байсан хуучны танка, зээгт наамлын үзэсгэлэнг дэглэж байсан бол энэ удаа бүхнийг шинээр бүтээж, дахин давтагдашгүй, цор ганц 70 гаруй бүтээлийг дэлгэлээ. Эдгээр бүтээлийг туурвихад 10 гаруй жилийн хугацаа зарцуулсан. Зураач нь хуулбар хийх бус, бурхдын дүр болон хойт дүрийн үлгэр загвар бүрийг шинээр найруулан бүтээдэг. Бүтээлүүд дүрс, хэлбэр, өнгө, донжоороо өвөрмөц, уран сайхны өндөр шийдэлтэй. Энэ олон бүтээлийг ганцаараа бус, уран үйлтэй эмэгтэй шавь нарынхаа тусламжтайгаар бүтээсэн. Харин өнгөний зохицол, тиг загвар, арга техник зэрэг урлах ухааны үндсийг шавь нартаа өөрийн гараар зааж сургалаа. Урлахуйн ухаанд байгаль, сав шим ертөнц, уул, ус, цэцэг, үүл, мод, монгол цэцгийн хэлбэр, өнгөний донж зэргийг шингээсэн олон бүтээл тавьсан байгаа” хэмээв.


“Шүтээн торгон зураг” үзэсгэлэнд бурхан урлаач Д.Ухаанзаяагийн оюуны бүтээл, хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийн тусгал, ур урлалын төгс илэрхийлэл болсон Хажид, Дэмчог, Цагаан, Ногоон Дарь эх, Янжинлхам тэргүүтэй дагинасууд, эд баялаг, эрхэт хүчний эзэн Очирваань, Гонгар, Замбала бурхад, эвтэй дөрвөн амьтан, үл зохилдохуйн зүгийг ялахын тэмдэгт амьтад, элдэв үлгэр, домгийн рид хувилгаан амьтдыг туурвисан бүтээлийг толилуулж байна.


Ташрамд дурдахад, тэрбээр энэ сарын 18-наас эхлэн гурван өдөр “Лусын ээл ба хорлол”, "Ад, донгийн хорлол буцаахуй", “Үхэл зуурдаас гэтэлж, сайн заяанд төрөхүй” сэдвээр номын лекц уншиж, үзэгчдэд хүргэнэ.


Тус үзэсгэлэн энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ.















 

Related news