Архангай аймгийн Чулуут сумын эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр дулааны асуудлаа шийджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвд нэвтрүүлжээ.
Уг төсөл Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй аж. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосны барилга угсралтын ажлыг энэ сарын 18-нд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад орууллаа.
Эрчим хүчний яамны мэдээлснээр, тус Эрүүл мэндийн төвд сэргээгдэх эрчим хүчний дулаалгын системийг суурилуулснаар 81 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 40 тонн нүүрс түлэхгүй болсноор цахилгаан, дулааны зардалд дундажаар 25 сая төгрөгийн хэмнэлт гаргах үр дүнтэй юм. Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ЭХЯ-наас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахиц, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц бүтээн байгуулалтыг хийж байгаа ажээ.



Ulaanbaatar