АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР 
                                                                    ГЁНЖҮ, 2025 оны аравдугаар сарын 31 /Yonhap/. Худалдааны нэг талыг баримталсан үйл ажиллагаа болон бусад саад бэрхшээл нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн удирдагчид тогтвортой байдлыг бэхжүүлэх, өсөлтийг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлэхээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад хуран чуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн орны удирдагчид, зочин улсууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, чөлөөт худалдааг хадгалах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ.
Чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы
Ерөнхий сайд Такаичи Санаэ зэрэг удирдагчид Гёнжү хотод хүрэлцэн ирээд байна. Харин бизнесийн
форумд оролцож, Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Ши Жиньпин нартай хэлэлцээ хийснийхээ дараа буцсан АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён Өмнөд Солонгост айлчилж буй удирдагчид болон оролцогч зочдыг угтан авсан бөгөөд тэрбээр эхний хуралдаан эхлэхээс өмнө дээд хэмжээний уулзалтын танхимд орж ирэх үед нь Ши Жиньпинтэй мэндчилж, товч яриа өрнүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, “Илүү уялдаа
холбоотой, тогтвортой бүс нутаг хийгээд түүнээс цаашихыг цогцлоох нь” сэдвийн дор
болох эхний хуралдааны үеэр удирдагчид Ази, Номхон далайн бүс нутгийг “илүү
нээлттэй, эрч хүчтэй, тогтвортой” болгох арга замуудыг хэлэлцэхээр төлөвлөж
байна. 
“Ерөнхийлөгч Ли Жэ Мён хамтын ажиллагааг улам нягтруулах шаардлагатай байгаа талаар зөвшилцөлд хүрэхэд тус дөхөм болохын тулд удирдагчдын хооронд гүүрний үүрэг гүйцэтгэнэ. Бид бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг амлалтыг сэргээж, АПЕК-ийг бүс нутгийн гол эдийн засгийн форум, ирээдүйн төлөөх индэр хэвээр байлгахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг судлахыг зорьж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
 
 
Энэ жилийн АПЕК-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй
Өмнөд Солонгос нь “Гёнжүгийн тунхаглал”-д АПЕК-ийн бүх оролцогчийн дэмжсэн үр
дүнг тусгахыг эрмэлзэж байгаа бөгөөд хиймэл оюун, хүн ам зүйн өөрчлөлт
зэрэг өөрийн санаачилгуудад мөн анхаарал хандуулж байна. 
Хоёрдугаар хуралдааны үеэр удирдагчид нийлүүлэлтийн сүлжээ,
дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Ази, Номхон
далайн бүс нутгийг илүү цэцэглэн хөгжүүлэх арга замуудын тухайд АПЕК-ийн гишүүн
орнуудын гадаад хэрэг, худалдааны дээд албан тушаалтнуудын гаргасан саналуудыг
хэлэлцэнэ. 
Олон талт байдал болон Дэлхийн худалдааны байгууллагын
тогтолцоонд суурилсан дэлхийн чөлөөт худалдааны дэг журмын талаар удирдагчид
өөр өөр үзэл бодолтой байгаа тул олон улсын худалдааны чиглэлийг тодорхойлох тал
дээр зөвшилцөлд хүрэх эсэх нь анхаарал татаж байна.
Удирдагчдын тунхаглалыг АПЕК-ийн гишүүн бүр дэмжиж, зөвшилцсөний үндсэн дээр батлах ёстой. Пүрэв гарагт болсон АПЕК-ийн сайд нарын уулзалтын дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён хэлэхдээ, хамтарсан тунхаглал батлахад “маш ойрхон” байгаа гэж мэдэгджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    