БАЯНХОНГОР: Аймгийн хэмжээнд 4 сая шахам мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-01 17:27:29
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар 1 /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8.3 мянган хот айлд 4 сая шахам мал өвөлжиж, хаваржина.

Бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцсоноор Баянхонгор аймгийн ихэнх суманд бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлт гарсан байна. Нөхцөл байдалтай уялдуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн гурван үйлдвэрт энэ онд богийн мах 670 тн, бод малын 330 тонн мах нөөцлөхөөр, 3500 тонн мах авч худалдахаар төлөвлөжээ.

Баянхонгор аймаг "Баян өсөх агро" ОНӨААТҮГ-аас Дорнод аймгийн Халхгол суманд бэлтгэсэн өвсийг татан авч, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 1000 тонн мах, ногооны зоорийн ашиглалтын үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Мөн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийг бүх түвшинд хангаж ажиллах үүрэг чиглэл өгөөд байна.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг төрөл бүрээр хийх, үнэлгээнд тулгуурласан хариу арга хэмжээний төлөвлөлтийг зөв оновчтой хийх, цахилгааны эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байхыг мөн чухалчилж байна. Түүнээс гадна Монгол Улсын бүсчилсэн хөгжил Хангайн бүсийн аймгуудын хооронд отор нүүдэл, хил залгаа үүссэн онцгой нөхцөл байдлын үеийн харилцан ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэр, албан даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байгаа юм.

Related news