“Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийг сумд ээлжлэн зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ахмад настнуудад үзүүлэх арга хэмжээгээ жилээс жилд чанаржуулах зорилгоор тэдэнд юу дутагдаж байгаа талаар судалж үзэхэд нийгэм хамт олны дунд тулгуурласан арга хэмжээ явуулж өгөхийг хүсэн байдаг байна.
Тиймээс тус хамт олон өнгөрсөн хавраас эхэлж сумдуудынхаа ахмадуудын дунд “Ахмад настны нэг өдөр” сургалт өдөрлөгийг явуулахаар болж, эхний арга хэмжээг Алтанбулаг суманд, дараагийн арга хэмжээг Сүхбаатар суманд зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд ахмадууд маш их идэвхтэй оролцсон байна. Үүнээс улбаалан аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхлэсэн орлогч дарга Б.Нарантуяа аймгийн Эрүүл мэндийн газраас ахмад настнууд руугаа хандуулж ирсэн бодлогын чанартай ажлуудыг дэмжиж, “Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийг сумдууддаа ээлж дараатай зохион байгуулан ажиллахыг санал болгожээ. Үүний дагуу аймгийн ЭМГ-ын хамт олон энэ сарын 26-ны өдөр Сайхан сумын Хөтөл тосгонд 400 гаруй ахмад настнуудыг хамруулсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү “Ахмад настны нэг өдөр” өдөрлөгийн үеэр настнуудынхаа дунд “Насжилт”-ын сэдвээр Герантологийн төвтэй хамтарч лекц уншуулж, Сайхан сумын 3 багийн ахмадуудын дунд “Дэвжээ” тэмцээн, урлагийн тоглолтуудыг зохион байгуулсан байна. Тус тэмцээний ялагчаар Сайхан сумын I багийн "Аялгуу" хамтлаг тодорч, удаах байруудад Сайхан сумын Номгон тосгоны "Шигтгээ" хамтлаг, Сайхан сумын II багийн "Саруул-Энх" хамтлаг тус тус шалгарчээ.
Мөн энэ үеэр ахмадуудын урласан гар урлал, цуглуулгын үзэсгэлэнг олон түмэнд дэлгэн үзүүлж, настнуудынхаа амьдрах ухаанаас хамтдаа суралцан нэгэн өдрийг дуу хуур, хөгжил баяслаар дүүрэн өнгөрүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг