Техаст нутгийн шумуулнаас "зика"-гийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-29 14:02:25

ВАШИНГТОН./Reuters/. АНУ-ын Техас муж улсад нутгийн шумуулаар дамжин “зика” вирус халдварласан анхны тохиолдол илэрсэн тухай холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Саяхныг хүртэл “зика” вирусийн халдвар авсан хүмүүс нь бусад улс оронд аялж байхдаа халдвар авсан байсан юм.

Өнгөрсөн онд Латин Америк даяар хурдацтай тархсан уг вирусийн халдварыг жирэмсэн эмэгтэй авсан тохиолдолд ховор төрлийн төрөлхийн эмгэгтэй буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг билээ.

“Зика”-гийн халдвар нутгийн шумуулаар дамжин халдварласан тохиолдлууд АНУ-ын Флорида муж улсаас өөр муж улсуудад бүртгэгдээгүй байсан юм.

Харин Техас муж улсын Эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр, Мексиктэй залгаа хилийн ойролцоох Камерон гэдэг газарт амьдардаг нэгэн эмэгтэй шумуулнаас “зика”-гийн халдвар авсан нь тогтоогджээ. Энэ эмэгтэй сүүлийн үед Мексик болон “зика” тархсан бусад улс орон руу огт яваагүй аж.

Техаст үүнээс өмнө бүртгэгдсэн “зика”-гийн 257 тохиолдол бүгд аялал жуулчлалтай холбоотой байсан юм.

Г.Доржханд

 

Related news