Өмнөговь аймагт сонгуулийн маргаан дуусаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-05 15:12:46

Өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгууль Өмнөговь аймгийн Цогтцэций суманд маргаантай болсон билээ.

Тус аймгийн Ардчилсан намаас Цогтцэций суманд болсон уг сонгуулийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан юм. Энэхүү асуудлыг шүүхийн анхан болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн 82 тоот магадлалаар хууль бус гэж тогтоосон байна. Иймээс аймгийн ИТХ-д Цогтцэций суманд МАН-аас сонгогдсон гэж үзэж байгаа О.Бадарч, Б.Баярбилэг, Д.Батзориг, Ц.Доржсүрэн нарыг хууль зөрчиж сонгогдсон тул төлөөлөгчийн бүрэн эрхийг хасч энэ сарын 2-нд болсон аймгийн ИТХ-д оруулахгүй байх шаардлагыг аймгийн Ардчилсан намаас хүргүүлсэн юм. Харин МАН-ынхан шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байна гэсэн шалтгаанаар төлөөлөгчдөө хасалгүйгээр хурлаа хуралдсан юм. Энэ байдлыг аймгийн Ардчилсан намаас мэдэгдэхдээ хууль, шүүх болон иргэд сонгогчдын 47,8 хувийн санал авсан манай намын байр суурийг үл хүндэтгэн хуралдаанаа хуралдууллаа гэсэн юм.

Ямартаа ч тус аймагт сонгууль тойрсон маргаан дуусаагүй байна.

Д.Мишигсүрэн

Related news