Төслийн үр дүнд сургалтын орчин бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-15 16:21:10

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн захиргаанаас эцэг эхчүүддээ зориулсан урлагийн тоглолт, бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон энэхүү арга хэмжээнд 250 гаруй сурагчид, 36 багш, 15 эцэг, эхчүүд нийт 300-гаад хүн оролцож, ардын болон чөлөөт гэсэн хоёр хэсгээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо өргөн барилаа. Мөн энэ үеэр хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн гарсан байв.

Тус сургуулийн захирал Н.Энхтөр: ”Энхүү үйл ажиллагаа маань үндсэндээ сургуулийнхаа эцэг, эхчүүдэд зориулсан арга хэмжээ юм. Бид эцэг, эх, багш, сурагчдынхаа хамтарсан урлагийн тоглолтыг анх удаа эцэг эхчүүддээ зориулан тоглож байна. Үүгээрээ урлагаар дамжуулан хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх, авьяасыг нь нээх зорилгыг агуулж байгаа. Нөгөө талаас урлагаар дамжуулан эцэг,  эхчүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам ойртуулах, өргөжүүлэх алхмыг хийж байна. Өнөөдөр энд урлагийн тоглолтоос гадна дэлхийн банкны санхүүжилтээр боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн танилцуулга давхар хийлээ. Манай сургууль дээр “Монгол гэр, өргөө” цогцолбор төсөл 10-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Хүүхдүүд маань энэ төслийн хүрээнд хийж бүтээх зүйлээ хийчихсэн. Ингээд хийсэн зүйлээрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байгаа юм” хэмээн ярилаа. Энэхүү “Монгол гэр, өргөө” цогцолбор төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн хүүхдүүд монгол ёс заншил, түүх соёлоо дээдэлдэг, мэддэг болон төлөвшихөөс гадна хүүхдүүдэд сургалт явуулах, танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулах орчин бүрдэж байгаагаараа онцлогтой ажээ.

Уг төслийг БСШУЯ-наас 3000 америк доллараар санхжүүжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн 80 хувийн санхүүжүүжилт буюу 4.8 сая төгрөг нь ирж, сургалтын болон хийж бүтээх үйл ажиллагааны үе шат явагдаж байгаа аж. Уг төсөл ирэх оны  5-р сарын 15-нд сүүлчийн шатны үйл ажиллагааг хийж үр дүнгээ дүгнэх юм байна.  

Ийнхүү Улсын тэргүүний сургуулийн хүүхдүүд өөрсдийн юу чаддаг, юу сурсан, өөрийн ур чадвар авьяасаа эцэг эхчүүддээ танилцууллаа.

Ч.Отгонцэцэг

Related news