Хүүхдийн эндэгдэл урьд оныхоос хоёр дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-16 12:40:21

Энэ оны 11 сарын байдлаар Дундговь аймагт 0- 1 насны хүүхдийн 15 эндэгдэл гарсан байна. Өнгөрсөн онд 0- 1 насны хүүхдийн 7 эндэгдэл гарч байсантай харьцуулахад энэ онд ийнхүү хоёр дахин өссөн тоо ЭМГ- ын статистик мэдээгээр гарчээ.

Дээрх 15 эндэгдлийн 9 нь эхээс мэндлээд удаагүй үедээ буюу 0- 6 хоноод эндсэн нярай байна. Нялхсын эндэгдэл юунаас шалтгаалж байгааг ЭМГ- ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д. Нямтогтохоос тодруулахад, эндэгдлийн ихэнх тохиолдол нь хэт бага жинтэй дутуу гаралт болон жирэмсний явцад бүтэлт үүссэнээс болж байгааг хэллээ.

Жирэмсэн эх эрхтэн тогтолцооны эмгэгтэй байх нь хүүхэд дутуу төрөх хүчин зүйл болдог. Тиймээс жирэмсний эрт үеийн хяналтад орох зайлшгүй шаардлагатай байдаг. Харамсалтай нь жирэмсэн эх  эрт үеийн хяналтад ордоггүй, үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдахгүй байх нь эрсдэл учруулж байна гэсэн юм.

Насны хувьд, 20, түүнээс доош насны охид, 40- өөс дээш насны эмэгтэйчүүд, ихэвчлэн оюутан болон малчин эмэгтэйчүүдийн дунд ургийн бүтэлт, дутуу төрөлтийн эрсдэл тулгарах нь дийлэнх байна.

Мөн энэ онд одоогийн байдлаар 1- 5 насны хүүхдийн 4 эндэгдэл бүртгэгдсэн нь урьд оныхоос нэг тохиолдлоор нэмэгдсэн байгаа. Эдгээр нь ухсан нүхэнд унасан, амьсгалын замын эмгэг хүндэрсэн, архаг эмгэгийн улмаас гэртээ нас барсан тохиолдлууд байжээ.

Т. Отгонтуяа

Related news