Цагаандэлгэр сумын малчдын 80 гаруй хувь нь оторт явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-27 11:50:46

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын малчдын 80 гаруй хувь алсын оторт гарсан байна. Энэ тухайд сумын Засаг даргын орлогч Д.Буджаваас тодруулахад, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон өөрийн аймгийн нийт 15 сумын нутагт тус сумын мал, малчид оторлон өвөлжиж байна гэлээ.

Тус сум 250 гаруй малчин өрхтэй. Энэ оны эцэст 116 мянга 300 гаруй толгой мал тоолуулсан байна. Өнгөрсөн зун хур тунадасгүй шахам өнжсөн нь ийнхүү малчдыг алсын оторт гарах шалтгаан болсон бөгөөд аравдугаар сарын дундаас эхлэн отор нүүдэл ихэсчээ. Хамгийн хол нь Дорноговь аймгийн Хар айраг сумын нутагт өвөлжиж байгаа бол оторчдын олонхи нь өөрийн аймгийн Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил сумын нутагт оторлож байна.

Өнгөрөгч зун Цагаандэлгэр сумын нутагт хонины цэцэг өвчний голомт анхлан үүсч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Тиймээс оторт гарах малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл болохыг тодорхойлсон малын эмчийн бичгийг үндэслэн явуулсан гэдгийг сумын Засаг даргын орлогч хэлж байна. Малчид хавар нутагтаа ирж малаа төллүүлэх чигтэй. Одоогоор сумын нийт нутаг 4- 5 см орчим цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндрээгүй, сумын нөөцөд шинээр 1500 боодол өвс, 5 тонн тэжээл татан нөөцөлсөн гэлээ.

Т. Отгонтуяа           

 

Related news