"Ford" компани Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөнөөсөө татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2017-01-04 10:18:25

ВАШИНГТОН. /ВВС/. Америкийн “Ford” компани Мексикт 1.6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэр барих гэж байснаа больж, үүний оронд Мичиган муж улс дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөтгөхөөр шийдвэрлэжээ.

Тус компани Мичиган муж улсын Флэт Рок хот дахь уг үйлдвэрээ 700 сая доллароор өргөтгөх аж. “Ford” компанийн тэргүүн Марк Филдс-ийн ярьснаар, жижиг автомашинуудын борлуулалт буурсан, мөн Д.Трампын бодлогод итгэж байгаа зэргээс үүдэн ийм шийдвэрт хүрсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Мексикт үйлдвэрлэл явуулж байгаа “Ford” болон “General Motors” компаниудыг шүүмжилсэн билээ.

Хойд Америкт жижиг оврын автомашины эрэлт эрс буурсан учраас Мексикт үйлдвэр байгуулах төлөвлөгөөнөөсөө бид татгалзлаа гэж М.Филдс ярьсан байна. Мөн тэрбээр "Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын хэрэгжүүлэх бодлого нь АНУ-д бизнесийн орчныг сайжруулна" гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн гэв.

Д.Нямтулга

 

Related news