Цагаан хаданд байнгын эмчтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт хилийн боомтын наад тал Цагаан хаданд байнгын эмчтэй болохоор боллоо.
Өчигдөр тус бүс нутагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа. "Цагаан хаданд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай ярилцлаа. Орон нутгийн удирдлагууд санал тавьсанаар цагаан хаданд их эмч бага эмч сувилагч жолоочийн орон тоог бий болгохоор Эрүүл мэндийн яамны дэд сайд ярьсан. Мөн алсын дуудлага болон түргэний машин шийдэхээр боллоо" гэж Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал хэллээ.
Гашуун сухайт боомтын Монгол талын жижигхэн суурин болох Цагаан хадны суурин 1991 онд анх байгуулагдсан ажээ. Тус боомтыг анх худалдааны боомтын чиглэлээр нээхэд тэнд наймаачид болон тэдэнд үйлчилгээ үзүүлдэг гэр буудал, дэлгүүр зэрэг үйлчилгээний салбарууд үүдээ нээсэн түүхтэй юм. Харин энэ сууринд нүүрс буулгалтын цэгүүдийг байгуулснаар замбараагүй байдал үүсч өнөөдөр ийнхүү төрийн зохицуулалт хийхээс өөр аргагүйд хүрчээ. Тухайн суурин нь 600 гаруй суурин хүн амтай, 60 гаруй үйлчилгээний газартай гэнэ.
Энд ямар нэгэн эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ хэрэгтэй болоход Ханбогд сумаас буюу 120 гаруй клометрээс очиж үйлчилдэг нь эрүүл мэндийн байгууллагын хувьд хүндрэлтэй байдаг байна.
Д.Мишигсүрэн