Сэлэнгэ аймаг 82850 м3 мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-10 15:32:41

Сэлэнгэ аймаг 2017 онд ойгоос мод бэлтгэх талаар бэлтгэсэн багц мэдээ

Аймгийн хэмжээнд нийт 127950 огтлол хийнэ

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаанаар 2017 онд ойгоос мод бэлтгэх дээд хязгаар огтлолын төрлийг тогтоолоо.

2017 онд тус аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Түшиг, Хушаат, Жавхлант, Баянгол, Мандал, Сант, Баруунбүрэн зэрэг сумд өөрийн сумаасаа, харин Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан зэрэг сумд бусад сумдын газар нутгаас мод бэлтгэх гэнэ. Жавхлант, Баянгол сум өөрийн сумаас гадна Ерөө сумаас мод бэлтгэх юм байна. Эдгээр сумдууд энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ 127950 огтлол хийж мод бэлтгэх ажээ.  

Сэлэнгэ аймаг 9685 га талбайгаас 82850 м3 мод бэлтгэнэ

Сэлэнгэ аймаг 2017 онд ойгоос мод бэлтгэхдээ шинэс, хус, нарс, улиангар, улиас, хуурай хуш зэрэг моднуудыг үйлдвэрлэлийн болон түлээний зориулалтаар ашиглах юм байна.

Ингэхдээ аймгийн хэмжээнд 45100 м3 хэрэглээний мод, 82850 м3  түлээний мод бэлтгэх аж. Эдгээрийг 9685 га талбайгаас бэлтгэх юм. Аймгийн тухайд 127950 м3 модны нөөцтэй байгаа ажээ.

Тусгай хамгаалалттай ойн сангаас нийт 7000м3 мод бэлтгэнэ

Сэлэнгэ аймаг 2017 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн сангийн 240 га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлол хийх зөвшөөрөлтэй байгаа аж.

Дээрх зөвшөөрлийн хүрээнд Тужийн нарсны байгалийн цоглолборт газраас 50 га талбайд арчилгааны огтлол, 100 га талбайд цэвэрлэгээний огтлол хийх эрх үүсчээ. Энэ нь зөвхөн нарс модны хувьд олгож байгаа эрх бөгөөд нийтдээ 1000 м3 мод бэлтгэх ажээ. Харин Хан Хэнтий байгалийн цогоцлборт газраас шилмүүс, хуш модыг зөвхөн цэвэрлэгээний огтлолоор ашиглах бөгөөд 240 га талбайгаас нийт 6000 м3 мод бэлтгэх зөвшөөрөлтэй юм байна.  

Сэлэнгэ аймгаас ойн цэвэрлэгээ хөтөлбөрт гурван сум хамрагдана

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумд “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд Хүдэр сум нарс, хуш, Ерөө сум нарс, хуш, шинэс, хус,  Мандал сум нарс, шинэс, хус мод бэлтгэх юм байна. Эдгээр сумдад нийтдээ 109360 м3 модыг хөтөлбөрийн хүрээнд бэлтгэх зөвшөөрөлийг тус тус олгожээ.   

Ч.Отгонцэцэг

 

Related news