Осол, зөрчлийн дийлэнх нь гэрэл шилжүүлэхгүйгээс үүдэн гардаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээгүүр Олон улсын авто зам дайран өнгөрч авто машины хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байдгаараа онцлогтой.
Энэ ч утгаараа зам тээврийн осол, зөрчил гарах нь элбэг байдаг ажээ. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд олон ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна. Үүний нэг илрэл нь өнгөрсөн өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулсан “Гэрэлтүүлэг” арга хэмжээ байлаа.
Энэхүү ажиллагааны хүрээнд нэг шөнийн дотор 51 зөрчлийг илрүүлжээ. Энэ үеэр автобус болон том оврын машинууд зөвшөөрөгдөөгүй нэмэлт гэрэлтэй, жижиг тэрэгний жолооч нар гэрэл шилжүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлүүд илэрчээ. Тус Замын цагдаагийн тасгаас байнгын болон хөдөлгөөнт эргүүлийг 24 цагийн туршид байнга ажиллуулж байгаа аж. Сүүлийн жилүүдэд гарч байгаа осол, зөрчлийн дийлэнх нь дээрх зөрчлүүдээс үүдэн гарч байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын хэмжээнд 5000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа нь урд жилийнхээс өссөн үзүүлэлт аж. Тээврийн хэрэгслийн тоо өсөх хэрээр зам тээврийн зөрчил, осол гарах нь нэмэгддэг хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.
Ч.Отгонцэцэг