Дунд шатны төрийн албан хаагчдаа бүх талаар чадваржуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭӨнгөрсөн хоёр өдрийн турш үргэлжилсэн Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөлгөөн дээр аймгийн Засаг дарга Ш.Оргил:-“Сэлэнгэ аймаг дунд шатны төрийн албан хаагчдаа бүх талаар чадваржуулахад онцгой анхаарна” хэмээн хэллээ.
Сэлэнгэ нутгийн хөгжил дэвшлийн төлөө оюун бодол, сэтгэл зүрхээ дайчлан ажиллахаар бүрдсэн аймгийн удирдлагын шинэ баг хоёр өдрийн турш амжилттай зөвлөлдөж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэлээ. Мөн 2017 онд хэрхэн ажиллах, юун дээр анхаарах, 2016-2020 онд баримтлах бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлуудаа салбар бүрээрээ тодотгосон. Аймгийн Засаг даргын зүгээс Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа л бол аймаг, орон нутагтайгаа ажлын уялдаа холбоотой байж, аймгийн ИТХ, Засаг дарга, түүний ажлын албатай хамтарч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн ямар ч ажил, арга хэмжээ тогтсон цагтаа эхэлдэг, төлөвлөсөн цагтаа дуусдаг байх. Төрийн ажил албыг улс төрийн нөлөөллөөс ялгаж, салгадаг байх. Намчирхах, нутгархах үндэслэлээр төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхахгүй, намын харъяалал гэсэн ташуу үзлээр томилдог чөлөөлдөг асуудлыг энэ танхимд сууж байгаа хэн ч гаргахгүй гэдгийг зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг дарга онцолсон.
Ирж байгаа цаг үе маань шинэ удирдлагын багийнханд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байгаа. Иймээс төсвийн хэмнэлтийг бүх шатны удирдлагууд өөрсдөөсөө эхэлж, хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд хийнэ гэдгийг ч анхаарууллаа. Мөн Засаг дарга Ш.Оргил:”Миний бие бүрэн эрхийнхээ гарааны жилийг та бүхэнтэйгээ хамтдаа хэрэгжүүлэх олон зорилго, зорилттой, хүсэл эрмэлзлэл, итгэл дүүрэн ийнхүү эхлүүлж байна. Бүрэн эрхийн хугацааны төгсгөлд бид хийж хэрэгжүүлсэн ажил үйлстэй, барьж байгуулсан бүтээн байгуулалттай, иргэд нь ажилтай орлоготой, хүүхэд залуус нь хөгжиж дэвшсэн, эдийн засаг нь чадавхижсан, сайхан үр дүнгүүдийг иргэд түмэндээ илтгэнэ” хэмээлээ.
Зөвлөлгөөний үеэр шинээр томилогдсон аймгийн удирдлагууд хамтран ажиллах гэрээгээ аймгийн Засаг даргатай байгуулж, энгэрийн тэмдэг, батламжаа гардан авлаа.
Ч.Отгонцэцэг