Гал түймэр унтраах аврах 16 дугаар анги Тэргүүний ангиар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМонгол улсад Гал унтраах алба үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар онцгой байдлын зарим алба хаагчдад цол олгосныг Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл болон төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд гардууллаа.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны “Тэргүүний анги салбар” байгууллагаар Гал түймэр унтраах аврах 16 дугаар анги шалгарсан байна. Мөн Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны шилдэг тамирчнаар Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер, аврагч гал сөнөөгч ахлагч Г.Баттулга шалгарчээ.
Мөн өдөр ОБЕГ-ын даргын тушаалаар хошууч цолоор ахмад О.Олзвой хугацаанаасаа өмнө шагнуулжээ. Харин ахлах дэслэгч цолоор дэслэгч Ж.Батзолбоо, ахлах ахлагч цолоор Гал түймэр унтраах аврах ангийн Дуудлага хүлээн авагч ахлагч А.Янжинлхам, ахлагч цолоор Гал унтраах автомашины жолооч дэд ахлагч Б.Мягмаржав, Н.Баттулга, Аврагч гал сөнөөгч дэд ахлагч Б.Эрхэмбаяр нар шагнуулсан байна.
ОБЕГазрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр аврагч гал сөнөөгч ахлагч Э.Мөнгөн-Оргил, “Жуух бичиг”-ээр Дуудлага хүлээн авагч ахлах ахлагч А.Цэгцэгмаа, Монгол улсын Засгийн газар, Шадар сайдын шагнал “Онц гал сөнөөгч” энгэрийн тэмдэгээр Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Хүчитбаатар, “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Б.Мягмарсүрэн нарыг шагнажээ.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэд мастерийн тэмдэгээр Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Батбаатар, Д.Даваасүрэн, ахлагч Т.Цэрэндорж, Э.Мөнгөн-оргил нарыг шагнаж урамшуулсан бол Аврагч ахлах ахлагч Т.Баатар, аврагч гал сөнөөгч ахлагч Г.Баттулга нар Спортын мастер болсон байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ажлын амжилтаараа улсдаа тэргүүлж байдаг Онцгой байдлын алба хаагчдаараа бахархаж явдгаа хэлээд, тус албанаас барьсан шинэ орон сууцандаа орж байгаа 16 алба хаагчид байрны урьдчилгаа төлбөрт 3 сая төгрөгийг Засаг даргын ангилагдаагүй зардлаас олгохоор болсоноо хэлж, олон алба хаагчдыг баярлууллаа.
Б.Мөнхзул