Хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-18 12:31:50

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд Жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг хүлээн авч эхэлжээ.

Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн төслийг энэ сарын 27-ныг дуустал хугацаанд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газарт авч байгаа юм байна.

Сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн тухайд, Зээлийн дээд хэмжээ аж ахуйн нэгжид 30.0 сая төгрөг хүртэл, иргэнд 10.0 сая төгрөг хүртэл байх ба хугацаа 3 жил хүртэл, жилийн хүү 3 хувь байх аж.

Төсөл хэрэгжүүлэгч нь Баянхонгор сумын харьяалалтай, орон нутагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, Аж үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх, Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас өмнө нь авсан зээлийн өргүй, муу зээлийн түүхгүй байх шаардлагатай. Мөн Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад эөвшөөрөлтэй байх, Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах, Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээг нэмэгдүүлсэн байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна.

                                                                                                                      Б.Мөнхзул

Related news