Хандивын тоглолт энэ сарын 21-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-19 20:31:17

Баянхонгор аймгийн Өлзийт сумын суугуул Д.Болорцэцэг БНХАУ-ын Бээжин хотод Бөөрний дутагдал гэсэн оноштой эмчлүүлж байна. Д.Болорцэцэгтэй эгч дүүсийн хүүхдүүд болох Ц.Амарзаяа, Б.Номин-Эрдэнэ нар эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс бие даасан тоглолт болон бүх насны хүүхдэд үзлэг оношлогоо хийхээр болжээ.

Ц.Амарзаяа нь мэргэжлээрээ эх нялхас, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Хүүхдийн тасагт 15 жил ажилласан туршлагатай, Тайландад мастер хамгаалсан, доктрантурт мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байгаа аж. Хүүхдийн мэргэжлийн эмч нь бүх насны хүүхдэд үзлэг оношлогоог энэ сарын 21, 22-нд өглөөний 08:30 цагаас хийх бөгөөд төлбөр 10000 төгрөг байх юм байна.

Харин Улсын филармоний гоцлол дуучин Б.Номин-Эрдэнэ өөрийн бие даасан “Этник Момент" тоглолтоо Хүүхдийн Тэмүжин театрт ганцхан удаа тоглоно. Билетийн үнэ 10000 төгрөг байх бөгөөд үзлэг, тоглолтын орлогыг 100 хувь Д.Болорцэцэгийн эмчилгээний зардалд хандивлах аж.

                                                                                                                             Б.Мөнхзул

Related news