"Алтан дорнодын дайчид" ээлжит ялалтаа авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-23 12:56:15

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний Лиг"-ийн Плэй-Офф ээлжит аялан тоглолт орон нутагт үргэлжлэн, Баянхонгор аймгийн БТСГ-т Архангай, Баянхонгор аймгийн тоглолт боллоо.

Архангай аймгийн "Алтан дорнодын дайчид" баг Үндэсний лигийн Баруун бүсийн 1-р байраар гарсан хүчтэй баг бол харин Баянхонгор аймгийн Баянхонгор Мазаалай баг бүсийнхээ 4-р байраар гарсан бөгөөд 2 багийн эхний тоглолт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болж Архангай Алтан дорнодын дайчид баг хожсон юм. Тус хоёр багийн 2 дахь тоглолт Баянхонгор хотноо болоход Архангайн баг тамирчид Баянхонгор аймгийн талбай дээр 104:79-ын харьцаатайгаар хожиж, оноогоор илүүрхэв.

Ийнхүү эхний хоёр тоглолтод дараалан хожсон Архангайн "Алтан Дорнодын дайчид”-д хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил хэрэгтэй болсон бол “Баянхонгор мазаалай”-н залууст дараалсан гурван хожлыг заавал авах хүндхэн даалгавар үлдлээ.

Сонирхуулахад, Архангай аймгийн багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Пүрэвдагва, улсын начин Батзаяа, ТВ коктейл хамтлагийн жүжигчин МУСТА Цолмонбаяр нар олны танил эрхэмээр тоглож байгаа. Харин Баянхонгор аймгийн багт Монгол улсын Начин Ж.Чулуунбаатар, МУСТА Э.Энх-Эрдэнэ нар тоглолоо.

                                                                                                                         Б.Мөнхзул

Related news