Ойн цэвэрлэгээний ажлын үр дүн тааруухан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-23 22:45:53

Архангай аймагт 2014-2015 онд хийсэн 1110 га талбайд ойн цэвэрлэгээ хийж 157163,6 шоо метр мод бэлтгэжээ. Гэвч Итхамир, Жаргалант суманд ойн цэвэрлэгээний явцтай танилцахад, технологи аргачлал нь цаг үеэсээ хоцрогдсон төсвөөс хөрөнгө гаргаагүй, өмнөх онд гэрээлсэн талбайгаа бүрэн цэвэрлэж дуусаагүй, үр дүн муу байна.

Ойн цэвэрлэгээ хийх талбайг сум дундын ойн ангиас нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудад талбайн тусгаарлалт хийж өгөн гэрээ байгуулан ажиллаж байгаа гэх хэдий ч тэнд ямар ч хяналт алга. Түүнчлэн унанги, гишүү, мод бэлтгэлийн талбайн үлдэгдэл мөчрийг ойн цоорхойд овоолж орхисон байна.

Ойн тухай хуулийн 3.1.15 дахь заалтанд “Ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ”- гээд тодорхой хуульчилсан байдаг.

Ойн цэвэрлэгээг гүйцэтгэгч нар бэлтгэсэн түлшийг иргэн, ААН, байгууллагууд худалдан авч хэрэглэдэггүй, мужаанууд голоод авдаггүй юм гэсэн үалтаг хэлж байгаа.

Арга арга замыг хайж, идэвх санаачлага гаргаж ажиллахгүй байна гэж үзэхэд буруутахгүй. Ихтамир сумаас ердөө л 30-60 км зайд Цэцэрлэг хот гэсэн том зах зээл байна. Цэцэрлэг хотын оршин суугчид Цэнхэр, Булган сумын 20-100 км зайтай газраас босоо хуурай мод унаган зөөхийн зэрэгцээ, хот орчмынхоо үхрийн нойтон баас, хуурай аргалыг түүн түлшиндээ хэрэглэж байна ш дээ.

Чингэхэд, Ихтамир сумын удирдлага аймгийн төв рүү мод оруулахгүй гээд Цагаан даваан дээр цагдаа, улсын байцаагч нараа зогсоочихсон байх юм. Жаргалант сумын хувьд ойгоо даруй сийрэгжүүлж цэвэрлэх арга хэмжээ авахгүй бол шигүү ой өөрөө өөрийгөө устгадаг жамтай. Жаргалант суманд мод бэлтгэлийн орчин үеийн шинэ технологи нэвтрүүлж, шахмал түлш модон бэлдэц бэлтгээд Эрдэнэт  хотод нийлүүлэх зам нээлттэй байж болох талаар мэргэжлийн хүн хэлж байна.

Ойн тэр тусмаа мод бэлтгэлийн олон мэргэжилтэнг гадаад, дотоодод бэлтгэсэн боловч, тэднийгээ сүүлийн дөчөөд жил мэргэжлийн ажилд авдаггүй, зөвхөн “бага” дарга нар дотныхоо үнэнч хүмүүсээ тэнд ажиллуулдаг зуршил нь амь бөхтэй хэвээр байгаа гэж учир мэдэх нутгийн иргэд хуучилж байлаа.

Архангай аймаг Ойн цэвэрлэгээг мэргэжлийн түвшинд үр өгөөжтэй хийхгүй байгаагаас үрэлгэн явдал газар авч, ойд хөнөөлт шавьж тархах, голомт үүсэх, түймэр гарах нөхцлийг бүрдүүлж ойг нөхөн сэргээхэд хүндрэл учруулахаар байна.

Иймд орон нутгийн удирдлагын түвшинд ойн цэвэрлэгээг дэмжих бодлогын арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ингэснээр ойг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах, экологийн төдийгүй нийгэм эдийн засгийн ач холбогдол ихтэй гэж тэд үзэж байна.

Л.Булган

Related news