Л.Оюун-Эрдэнэ: Өөрийгөө өргөх хүчгүй байж, ард түмнээ хайрлана гэж ярих утгагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-24 09:03:52

УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, Азийн хүлэг улс бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нутагтаа ирээд байх үеэр нь уулзаж, шинэ онд хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажил үйлсийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

- Шинэ он гараад хоёулаа анх удаа уулзаж байна. Ер нь шинэ оныг та хэрхэн төсөөлдөг вэ?

-Шинэ жилийг 365 хуудастай шинэхэн дэвтэр гэж төсөөлөх дуртай. Юу бичих нь надаас хамаарах 365 шинэ боломж гэж боддог. Нэг жилийг дүгнэж, нэгэн жилийг төлөвлөнө гэдэг гоё мэдрэмж.

- Таныг Аялал жуулчлалын тухай Соронзон орон гэдэг цуврал нэвтрүүлэг хийснийг үзсэн. Яагаад ингэж нэрлэсэн юм?

-Чингис хааны алтан тоонот Дадал сумыг Чингис хаан ташуураа унагасан Өвөр Монголын Ордос хоттой харьцуулсан ерөнхий агуулгатай юм. Чингис хаан гэж бид цээжээ дэлддэг ч түүхэн газар нутгийг нь нэг аймгийн асуудал гэж харж орхисоор ирсэн. Үүнийг үндэсний хэмжээнд авч үзэх нь Монгол улсын аялал жуучлалын соронзон орон байх боломжийн тухай юм.

- Хэнтий аймгийн нутгийн зөвлөл нам харгалзахгүй нэгдэж, сүүлийн үед маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна. Нутгийн зөвлөл 2017 онд хийх 3 гол ажлаа нэрлээч гэвэл?

 - Тодорхой асуултанд тодорхой хариулъя. Түүхэн аялал жуулчлал гэдэг ойлголтыг үндэсний хэмжээнд гаргаж ирэх Зүүн бүсийн хөгжлийн Сэцэн хан зөвлөл байгуулж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хөгжлийн нэгдсэн стратеги гаргах, Галшар хурдыг улсад гаргаж ирэх ажлыг эхлүүлэх зэрэг олон ажлууд хийгдэнэ. Манай нутгийн зөвлөл Бодлогын зөвлөл, чиглэл хариуцсан 9 дэд дарга, Бизнес хөгжил хамтын ажиллагааны зөвлөл, хяналтын зөвлөл, тэргүүлэгчид, сумдын нутгийн зөвлөл, гүйцэтгэх захирал ба ажлын алба гэсэн ерөнхий бүтцээр ажиллаж байгаа. Нутгаа гэсэн сэтгэлтэй уугуул суугуул бүх л иргэд бидэнтэй чөлөөтэй эвлэлдэн нэгдэж болно.

- Та яагаад УИХ-ын гишүүн болсон юм бэ? Харвардад суралцахаасаа өмнө төлөвлөж байв уу, замын дундах шийдвэр байв уу?

-Миний хувьд 2012 онд тойрогт нэр дэвшихээс татгалзаж байсныг та санаж байгаа байх. Сурч, харьцуулах зүйлс байна гэж тайлбарлаж байсан. 2016 онд нэр дэвшихийн тулд 4 жилийн хугацаанд бэлдсэн гэж ойлгож болно. Юунд илүү төвлөрөх бодлого хөтөлбөр маань ч тодорхой байгаа. Эдийн засаг хүнд байгаа ч ирэх 4 жилд Хэнтий аймгийн хөгжлийн асуудал үндэсний стратегийн төвшинд тавигдах суурь нөхцөл бүрдэнэ.

- Би яг одоо гишүүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол гэж төсөөлж байна?

-Сайхан асуулт байна. Та нэг хоног надтай хамт ажиллангаа сурвалжилж болно шүү дээ. Урьж байна.

-Баярлалаа, урилгыг хүлээн авлаа. УИХ-д МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Гэтэл сүүлийн үед чуулганы ирц хүрэхгүй, залуу гишүүд хуралдаа суухгүй байна гэж шүүмжлүүлж байгаа харагдана лээ. Та тэр дунд явна уу?

-Монголын ард түмэн өөрсдийн сонгосон 76-хан төлөөллөөрөө дамжуулж төр засгаа барьдаг. Тиймээс хурлын ирц хангалтгүй байна гэдэг бол туйлын хариуцлагагүй асуудал. Магадгүй үүнийг хамгийн их ярьдаг гишүүдийн нэг би байх. Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, гишүүд өөр хүний өмнөөс санал өгдөг, ирцийг ил тод мэдээлдэг болох, сахилга хариуцлагын тогтолцоо зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ц.Нямдорж гуай хурал удирдахдаа энэ асуудлыг тавьсан нь цагаа олсон зөв асуудал. Миний нэр үдээс өмнөх хуралдаанд дурдагдсан нь тенхикийн алдаа болсон. Дараа нь хурал даргалагч дуудаж уулзаад алдаа гарсан байна гэдгийг хэлсэн.

 - Та засгийн газраа хатуу шүүмжилдэг гишүүдийн нэг. 2017 оны хувьд Монгол Улсын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна?

-Монгол Улс 580 сая ам долларын зээлийг ирэх 3 сар гэхэд төлнө. Төлж чадахгүй бол дампуурна. Хэрэв дампуурал зарлавал энэ үүнээс гарахын тулд 20-25 жилийн хугацаа орно. Тиймээс туйлын амаргүй нөхцөл байдал үүссэн нь үнэн. Засгийн газар илүү хурдтай, шийдэмгий ажиллах шаардлагатай. Өрийн эхний төлөлтийг төлж барагдуулах нь энэ жилийн чухал зорилтын нэг байх болно.

 - Та анхдугаар чуулган дээр намын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонгогдоход эсрэг санал өгсөн. Яагаад тэгсэн юм бэ?

-Хувь хүний эсрэг биш баримталдаг зарчмынхаа төлөө санал өгсөн. Эдийн засаг хүнд байх үед намын дарга Ерөнхий сайд гэдэг албан тушаал нэг байх ёстой. Энэ зарчмыг би Ардчилсан намыг эрх барьж байхад үргэлж илэрхийлсээр ирсэн. Өөрийн нам дээр хүрээд ирэнгүүт дуугай өнгөрч болохгүй биз дээ.

- Нутгийнхантайгаа “Эргэх холбоо”-той ажиллаж байгаа гишүүдийн нэг гэж таныг нэрлэе. Гэхдээ зөвхөн сонгогдсон тойрогтоо гэдэг талаасаа чамлалттай санагдаж байна. Жишээ нь та өөрийн нэрэмжит оюутны тэтгэлгээ зөвхөн тойрогтоо зарласан байсан?

- Зөвхөн тойргийн түвшинд ажиллаагүй ээ. УИХ-ын гишүүн нийт ард иргэдийн язгуур эрх ашгийн төлөө л ажиллах ёстой. “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд харилцан ойлголцлын гэрээ тойргийн сонгогчидтой байгуулсан. Эрх үүрэг, ажиллах зарчим, тайлагнах үйл явцаа хамтран тодорхойлсон нь бусад тойрогт жишиг болоосой гэж бодож байна. Өөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг аймгийн хэмжээнд болгохыг зорин ажиллаж байгаа.

- Улс төр яриад байвал уртаас урт асуултууд хөврөөд цааш үргэлжлэх нь ээ. Тэгэхээр энэ сэдвийг түр завсарлая гэж бодож байна. Азийн хүлэг улс бодлогын судалгааны хүрээлэн яг одоо юу хийж байгаа вэ?

- Манай бодлогын судалгааны хүрээлэн Монгол Улсын ирэх 25 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах тал дээр анхааран ажиллаж байгаа. Мөн түүхэн аялал жуучлалын төсөл дээр ажиллаж байгаа. Үр дүн удахгүй тодорхой харагдах учир олон зүйл яриад яахав.

- Та Алсын хараа номоосоо хойш 10 жилийн дараа Азийн Хүлэг Улс номоо бичсэн. Дараагийн номоо хэзээ бичих гэж байна?

-Том бүтээлийн хувьд бараг л 10 жил шаардагдана. Жижиг хэмжээний 2-3 бүтээл дээр ирэх жил сууна. Бас 3-4 орчуулгын ном байгаа.

- Мэдээж таны ажил ачаалал ихтэй байдаг байх. Стресст орсон үедээ хэрхэн тайлдаг вэ ?

-Хөдөө явах дуртай. Чөлөөт цагаараа фитнесст явдаг. Ажлаасаа ямар ч стресс авсан төвлөрөөд төмөр хашраах муугүй арга шүү. (инээв) Ер нь өөрийгөө өргөх хүчгүй байж, ард түмнээ хайрлана гэж том зүйл яриад явах утгагүй. Хөдөлгөөн өөрөө оршин тогнохын үндэс шүү дээ.

- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Бодож төлөвлөсөн үйлс бүхэн тань биелэх болтугай. Ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд  ч гэсэн. Нутгийн зон олондоо шинэ оны мэнд дэвшүүлье. Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлцгээе.

Д.Одонтунгалаг

Related news