Архангай аймагт ажилгүйдэл 77,3 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-26 11:03:36

Архангай аймагт 2016 оны сүүлийн мэдээгээр ажил идэвхтэй хайж байгаа 2042 иргэн байна. Энэ нь өнгөрөгч 2015 оныхтой харьцуулахад 77,3 хувиар өсч, ажилгүйдэл нэмэгджээ.

Энэ ажилгүйдлийн тоо жилээс жилд өсч байгаа гэдгийг аймгийн статистикийн тоон үзүүлэлтээс харж болно. Шалтгааныг асуувал, улирлын чанартай ажил, дээрээс нь хувийн хэвшлийнхний цомхтгол, төв газар луу шилжих шилжилт хөдөлгөөн байгаа гэнэ.

Ажилгүйдлийн тоо нэмэгдэх тусам айл өрхийн орлого буурч, худалдан авах чадвар сулардаг байна.

2017 оны 1-р сараас эхлэн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан үйлдвэржилтийн болон тариалангийн бүс нутгийг тогтоох ажлыг эхлүүлсэн. Дээрх бүс газруудыг тогтоож гэмээнэ үйлдвэржилтийн бүсэд арьс, шир, цагаан идээ, мах сүүний гэх мэтчилэн хөнгөн үйлдвэрийг бий болгох, түүнийг дэмжих, тариалнгийн бүс нутгийг дагаад малын бордооны цэгүүдийн байгуулах гээд олон давуу талууд бий болно. Ажлын байрууд ч нэмэгдэх юм.  Мөн дулааны станц, цэвэрлэх байгууламжууд баригдахаар ажлын байр тодорхой тоогоор өснө. Энэ ажлууд шат дараатайгаар хийгдээд ирэхээр Архангай аймгийн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг” болох зорилт биелэлээ олж, ард иргэд ажилтай орлоготой болох боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.

Б.Гэрэлт-Од

Related news