“Насны хишиг” авах ахмадуудаа бүртгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-02 14:44:19

Ахмадуудад “Насны хишиг” олгох болсонтой холбогдуулан 65 болон түүнээс дээш насны ахмадуудаа Дундговь аймгийн ХХҮГ бүртгэж эхэллээ. Дундговь аймагт “Насны хишиг” авах 2200 гаруй ахмад настан бий гэсэн урьдчилсан судалгаа байна. Бүртгэлээр энэ тоо илүү нарийвчилж гарах юм.

Өнөөдрийн байдлаар хөдөөгийн сумдад хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд ахмад настнуудаа бүртгэж байна. Аймгийн төвийн Сайнцагаан суманд ирэх даваа гаригт бүртгэл эхэлнэ. Ахмадууд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхээ авчирна. Өөрийн биеэр ирэх боломжгүй ахмад настны хувьд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулна. Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бол түүнийг нотлох баримт бичгийг мөн авч ирнэ гэдгийг ХХҮГ- ын дарга Г. Хишигдаваа тодотгон хэлсэн юм.

“Насны хишиг” болгож ахмадуудад 50- 250 мянган төгрөгийг насны ялгаатайгаар олгох юм байна. Бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэл дууссаны дараа санхүүжилт ирж, цагаан сараас өмнө ахмадуудын гарт “Насны хишиг” очно

Т. Отгонтуяа 

 

Related news