Үндэстэн ястны онцлогийг шингээсэн бүтээлтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-03 12:07:52

Дорнод аялал жуулчлалын нэгдлийнхэн өчигдөр уулзаж, орон нутгийнхаа онцлог шинжийг агуулсан нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болох талаар ярилцлаа.

Уулзалтад аялал жуулчлалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд оролцож бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн борлуулах, жуулчдад зориулсан тусгай дэлгүүр лангуутай болох, бүтээгдэхүүний хаяг шошго хийлгэх гэхчлэн асуудлаар ярилцаж тохиролцов.

Дорнод аймагт аялал жуулчлалыг цогцоор хөгжүүлэх зорилгоор Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дорнод Их сургууль, хэвлэл мэдээллийн болон банк санхүүгийн  гэхчлэн одоогоор 20 шахам байгууллага гишүүнээр  элсээд байна.

Дорнод аялал жуулчлалын нэгдлийнхний зах зээлд нийлүүлсэн анхны “бүтээгдэхүүн” нь “Цас мөсний баяр” байж, энэ баярт гишүүн байгууллагууд өөр өөрсдийн ажил үйлчилгээг үзүүллээ. Анхны захиалагч байгууллага болох “Хэрлэн Номин биенес төв”-ийнхөн сэтгэл ханамж нэн өндөр байснаар дараа дараагийн байгууллагууд захиалгаа ирүүлээд байгаа тухай Дорнод аялал жуулчлалын нэгдлийн зохицуулагч Р.Зоригтбаатар ярьсан юм.

                                                                                                                                             Б.Туяа

Related news