Энэ онд эх нялхсын эндэгдлийг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ онд эх нялхсын эндэгдлийг бууруулахын тулд 400 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд Өмнөговь аймагт 0-5 насны 31 хүүхэд, жирэмсэн гурван эх эндсэн юм. Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ярихдаа "Эх хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах зэрэг олон ажлыг хийхээр бид төлөвлөж байгаа. Хэдийгээр эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан ч үйл ажиллагаа нь сайн биш байгаа гэдэг тал дээр анхаарч ажиллаж байна" гэлээ. Аймгийн БОЭТөвийг шинэ менежменттэй болгохын тулд шинэ удирдлагын багийг томилон ажиллаж байгаа аж.
Эмч нараа чадваржуулахын тулд Улаанбаатар хотын том эмнэлгүүдэд дадлагжуулах, ӨМӨЗО-ы Баяннуур аймагтай хамтран ажиллах ажлынхаа хүрээнд тус аймгийн эмч нарыг нутагтаа авч ирж ажиллуулахаар болоод байгаа гэнэ. Мөн залуу эмч нараа ахмад эмч нартай уулзуулан тэдний арга туршлагаас суралцуулах, заавар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Д.Мишигсүрэн