Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 19:11:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг сумынхаа төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Тус баг нь иргэдийн хэлж заншсанаар Таван толгойн уурхайн тосгон юм. Уурхайн тосгон нь "Эрдэнэс Таван толгой"-н уурхай, орон нутгийн Таван толгойн уурхайн дунд байдаг бөгөөд агаарын бохирдол ихтэй байгаагаас хүн амьдрах боломжгүй болоод байгаа ажээ. Мөн тус багийн төвийн байгаа орчин нь "Эрдэнэс таван толгой"-н ашиглах талбайд ордог байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хуулиараа ашиглалтын лецинзтэй компани нь хариуцан нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй байдаг. Ерөнхий сайдыг ирэх үеэр энэ асуудлыг хөндөж ажлын хэсэг байгуулсан байгаа. Энэ хавраас тодорхой ажлуудыг хийх байх" гэлээ.

Цагаан-Овоо багт 720 өрхийн 2364 иргэн амьдардаг бөгөөд 60 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Д.Мишигсүрэн

 

Related news