Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 21:07:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж тус Цагдаагийн газраас мэдээллээ.

Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахаар цагдаагийнхан ийнхүү цаг наргүй ажиллаж байна. Цагаан сарн баяраар хол ойр явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, гэрээсээ хол золголтоор явахдаа ар гэрээ хулгайд өртөхөөс хамгаалах, үнэт эдлэлээ гэртээ орхихгүй байхыг иргэддээ анхаарууллаа. Ялангуяа энэ баяраараа иргэд ёс заншлаа эрхэмлэн хүндэтгэж ховор үнэт эдлэлээ ил гаргадаг учраас орон байрын хулгай ихэсдэг ажээ. 

Мөн аймгийн төв Даланзадгад сум доторх хөдөлгөөн эрс ихэсдэг учир явган зорчигч болон тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэд бие биеэ харилцан хүндэтгэх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сулруулахгүй байхыг  иргэддээ зөвлөлөө. Өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд нохойд уруулах, зам тээврийн осолд өртөх тохиолдол баяр ёслолын үеэр гардаг гэдгийг иргэд анхааралдаа авахыг хүссэн юм. 

Д.Мишигсүрэн

Related news