3000 гаруй өндөр настан "Насны хишиг" авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-22 19:38:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Засгийн газраас олгож буй "Насны хишиг" тэтгэмжийг 3295 өндөр настан хүртэнэ.

Аймгийн хэмжээнд 70-79 насны ахмад нийт настнуудын 50 шахам хувийг эзэлдэг бөгөөд 90 гаруй хувь нь "Насны хишиг" авах бүртгэлээ хийлгээд байгаа юм байна. Бүртгэлээ хийлгэсэн мөн насны ахмадууд 80.000 төгрөгийн тэтгэмжийг авах эрх үүсээд байгаа юм.

Аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газарт энэ сарын 1-10-ны өдрүүдэд "Насны хишиг" тэтгэмжийн бүртгэл явагдсан ч зарим ахмадын иргэн харьяалал, бусад асуудлаас шалтгаалан өнөөдөр ч бүртгэлийн ажил үргэлжилж байгааг албаныхан хэлсэн.

Аймгийн хэмжээнд 65-69 насны 1138 ахмад байгаагаас 1066 нь бүртгэлээ хийлгэн 50.000 төгрөгийн тэтгэмж авах эрхээ үүсгэжээ. Мөн 80-89 насны 499 ахмад настнаас 97 хувь нь бүртгэлээ баталгаажуулан 150 мянган төгрөгийн тэтгэмж авах боломжтой болоод байна. Харин аймгийн хэмжээнд 90-ээс дээш насныханд олгох 250 төгрөгийн тэтгэмжийг 69 ахмад настан авахаас 61 нь бүртгэлээ хийлгээд байгаа аж.

"Насны хишиг" авах бүртгэлээ хийлгэж амжаагүй өндөр настнуудыг нэн даруй аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хандахыг албаныхан зөвлөлөө. Бүртгэлээ хэрхэн хийлгэх талаар товч мэдээлэл хүргэж байна.

-Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.

-Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.

-Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.

-Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.

-Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.

Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

                                                                                                                    Б.Мөнхзул

Related news