Залуу жанжны нэрэмжит марш тактикийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-06 17:25:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт жил бүр Зэвсэгт хүчний ойн баярын үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болдог юм.

Энэ жилийн тэмцээнийг “залуу жанжин” хэмээн өргөмжлөгдсөн Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ой тохиож байгаа тул түүний нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэлээ гэж аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа ярьлаа.

Тэмцээнд Зэвсэгт хүчний 234-р анги, Хилийн цэргийн 0286-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 439-р анги, цагдаагийн газар, онцгой байдлын газар зэрэг 9 байгууллагын баг оролцох юм. Жагсаал, гардан байлдааны үзүүлэх тоглолт, марш, гүйлтийн тэмцээн, буудлага, цэргийн байр зүй, түймрийн голомтоос шархтан, сум хэрэгсэл татан гаргах зэрэг даалгавар, нормативыг гүйцэтгэж өрсөлдөх аж.

М.Батжаргал

Related news