Эрүүл мэндийн салбарын төсөвт анхаарал хандуулах цаг болсон гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-14 13:15:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын төсөв хүн амын тоогоор биш, нэгжийн тоогоор хуваарилагдаж байгаа нь төсвийн хүрэлцээгүй байдалд хүргэж, хүндрэл учруулж байна хэмээн аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо болон аймгийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт зөвлөлгөөнд оролцогчид үзэж байна.

Баян-Өлгий аймгийн хүн амын тоо 102 мянгыг даваад байгаа ч эрүүл мэндийн салбарт хуваарилагддаг төсөв нь хүн ам цөөнтэй хөрш зэргэлдээ Увс, Говь-Алтай аймгуудаас бага байгаа юм. Жишээлбэл, 2015 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн орны тоог 242-оос 311 болгон эмийн төсвийг нэмэгдүүлсэн ч цалингийн зардлыг шийдээгүй үлдээжээ. Мөн тус аймгийн Баяннуур сум болон түүнтэй хил залгаа оршдог Увс аймгийн Өмнөговь сум адилхан 5000 хүн амтай, 5 багтай. Тэгсэн хирнээ 38 орон тоотой Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн сарын цалингийн сан 18 сая, 35 хүний орон тоотой Өмнөговь сумынх 24 сая төгрөг ажээ.

Эх, нялхсын эндэгдлийн тоогоор улсын дунджаас дээгүүр яваа тус аймгийн хувьд юуны түрүүнд төсөв санхүүгийн асуудалд анхаарал хандуулах ёстойг орон нутгийн эмч нар хэлж байна.

“Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт зөвлөлгөөн энэ сарын 12-нд болсон юм.

 Ө.Нурболат

 

Related news