Монголын анхны мастер тогоочоор овоглодог боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн ангийг Монгол Улсын анхны Мастер тогооч Н. Магсар агсны нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өнөөдөр гаргалаа.
Мастер тогооч Н. Магсар агсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул юм. Монгол Улс нийтийн хоолны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тогооч нартаа Мастер тогооч хэмээх цолыг 1966 онд анх олгосон бөгөөд анхны тэр цолыг Н. Магсар агсан хүртэж байжээ.
Тэрээр 18- 27нас хүртлээ хийдэд шавилан сууж байгаад 1922 онд ардын цэрэгт татагдан алба хааж, энэ хугацаандаа цэргийн тогоочоор ажилласан нь тогоочийн хөдөлмөрийн гараа нь болсон гэдэг. Цэргийн албаа хааж дуусгаад 1938 оноос эхлэн Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн удирдах газрын гуанзанд тогооч, нарийн боовны цехэд ахлах тогоочоор 1978 он хүртэл ажиллаад 78 настайдаа өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Нийтийн хоолны салбарт он удаан жил ажиллахдаа Н. Магсар Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна. Түүнийг Монгол Улсын анхны мастер тогооч цол авснаас хойш төрөлх нутгаас нь 33 жилийн дараа буюу 1999 онд Дундговь аймгийн хоёр дахь мастер тогооч төрж байжээ.
Дундговь аймгаас Монгол Улсын анхны мастер тогооч төрж байсан түүхэн үйл явдал хийгээд Н. Магсар агсны Монголын нийтийн хоолны салбарт зориулсан хөдөлмөр үйлсийг нь алдаршуулах зорилгоор МСҮТ- ийн тогоочийн ангийг ийнхүү түүний нэрээр овоглох боллоо.
Т. Отгонтуяа