Динозаврын музей байгуулах ажлыг эхлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 18:13:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Булган сумын нутагт Баянзаг хэмээх газарт говь нутгийн онцлогийг харуулсан динозаврын музей, судалгааны төвийг байгуулахаар ажлыг эхэлж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээр ахлуулсан АНУ-ын Засгийн газрын харъяа үндэсний паркийн палеонтологич, архитектурч нараас бүрдсэн судлаачдын баг аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Дэлхийд алдаршсан динозаврын ховор олдворууд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг орчмоос олдсон байдаг бөгөөд энэ түүхэн олдворуудыг хадгалж хамгаалах, үр хойчдоо өвлүүлэх, үүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна.

Баянзагт динозаврын музейг судалгааны төвтэй цогцоор нь байгуулах ажлыг эхлүүлж байгийн эхний ажил нь энэхүү уулзалт байлаа.  Дараа нь хамтын ажиллагааны хүрээнд Музейг хаана байгуулах байршлаа тодорхойлох ажээ. Музейг байгуулахад судалгааны ажлыг хийх хэрэгтэй бөгөөд судлаачдын баг Баянзагт судалгааны ажлаа ирэх 7 хоногоос эхлүүлэхээр боллоо.

Д.Мишигсүрэн

 

Related news